Хүннү дээдсээс уламжлалтай Хийморь хурайлсан Монгол наадам юунаас үүдэлтэй вэ?

Зүг зүгийн улс гүрэнд гайхуулан, зүлэг ногоон дэвжээгээ хотойлгон наадах бидний Монгол Наадам

Монгол үндэсний их баяр наадам нь өнө эртний уламжлалтай Монгол түмний их түүхийн гэрч билээ.

 

Хүннүчүүд тархай бутархай олон овог аймгийн эв нэгдэл, цэргүүдийнхээ байлдааны ур чадварыг сайжруулах үүднээс наадам зохион байгуулдаг байсан бөгөөд түүнээс хойш Монгол угсаатнууд эрийн гурван наадмыг тэмдэглэсээр иржээ.

Орчин цагны судлаачид Монгол наадам нь Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдсан МЭӨ I-II зуунд үүссэн хэмээн үздэг байна. Учир нь газар нутаг, эх орноо хамгаалахад эр хүнд энэ гурван чадвар хэрэг болох нь зайлшгүй юм.

Тухайлбал морийг гарамгай унахын сацуу нум сум тавьж дайснаа устгана. Харин гардан тулаанд сэлэмгүй орох болбол бөхийн мэх ашиглах шаардлагатай байсныг түүхэн эх сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн байдаг байна. Ийнхүү зан үйл, ёс заншил, эрдэм чадварын цогцлол болсон эрийн гурван наадам үүссэн байдаг ажээ. Монгол наадмыг 2015 онд ЮНЕСКО хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэн авчээ. 

 

Мөн 1696 онд Долоннуурт болсон том даншиг наадмын үеэр " Түмэн эх " хэмээх дуу зохиогдсон нь Монгол наадмын сүлд дуу болсон түүхтэй ажээ. Хүүхдийн гийнгоон дуу хөндий дүүрэн уянгалж, алтан тууртнуудын тоос тэнгэр газрыг хээлэн зурахад Монгол хүн бүрийн сэтгэл хөвсөлзөж, омогшил бахдал өөрийн эрхгүй төрдөг биз ээ.

Их эзэн Чингис хаан хүлэг мориныхоо хүчээр уудам тал, уул усыг туулж агатын туураар дэлхийг тамгалж Монголын эзэнт гүрнийг байгуулсан аугаа түүх бидэнд бий. Монголчуудын баяр наадам, хурим найрыг бүрдүүлэгч нэгэн төрөл нь хурдан морины уралдаан юм. Эрт үеэс мал аж ахуй голлох салбар нь байсан учраас уудам талын малчны амьдралыг хүлэг морьгүйгээр төсөөлшгүй билээ.

Хүлэг морьдын дотроос хамгийн хурдныг нь сонгон авч олон хоногийн өмнөөс хоол ундыг нь тохируулан сойж, өдөр тутам давхиулан сорьж бэлтгээд нас насаар нь ялган газрын хол ойрыг тохируулан 10-30 километр орчим засаж бэлтгээгүй хээрийн замаар уралдуулдаг. Эцсийн хүчээ шавхах хүртлээ 20-30 километр уралддаг онцлогтой морин уралдаан дэлхийд өөр хаана байхгүй биз ээ.

XIII зууны үед гэр бүрд морин хуураас гадна нум сум байдаг байжээ.Эр хүн бүр нумтай байхаас гадна эмэгтэй хүн ч бас харвадаг байжээ. Нум сум харвах нь эрт цагт нум сумаа улам боловсронгуй болгох, аль болох хол зайд цэцэн мэргэн онох, дайснаа устгах, ан гөрөөнд их олз олох зэргээс үүсэн хөгжжээ. Монгол цэргийн түүхэнд хамгийн хол харвасан хүн бол Чингис хааны ач хүү Есүгэний харвасан 330 алд газар бөгөөд ойролцоогоор 520 метр юм гэж тэмдэглэгдэн үлджээ.

 

Асар майхны хээтэй адил, алаг эрээн зодог шуудаг өмссөн хүчтэнүүд наадмын зүлэг ногоон дэвжээнэ уран мэхийг уралдуулан түмэн олон болоод төрт ёсны их баяр цэнгэл наадмаа хөгжөөдөг билээ. Монгол бөхийн өвөрмөц нэг зүйл нь түүний өмсгөл юм. Монгол ардын тууль " Эрийн сайн хан харангуй "-д буурын арьсан зодог, бухын арьсан шуудаг гэж гарч буй нь эрт цагт зодог шуудгийг ямар нэгэн хүч тэнхээтэй амьтны арьс ширээр хийж байсныг гэрчилдэг ажээ.

 

            Дэлхийд ганцхан Монгол наадмаараа Дэнж хотойтол сайхан наадаарай.

 

           Эх сурвалжууд: Montsame.mn Wikipedia.org Mnb.mn 24 tsag.mn

Сэтгэгдэл үлдээх