''Бэлэг''

Бэлэг бол хүндэтгэх, хүмүүсийн эерэг дулаан харилцааны нэг хэрэгсэл юм. Бэлэг сэлт барих, зочлох хүндлэх заншлаараа Монголчууд эртнээсээ алдартай. Аав, ээж, ах дүү, үр хүүхэд, анд нөхөддөө сайхан учралын бэлгэдэл болгон бэлэг сэлт барьдаг ёстой.


Монголчуудын бэлэг бэлтгэх, барих ёс нь гүн утга учрыг агуулдаг бөгөөд бэлэг нь үнэ ханшиндаа бус агуулгандаа байдаг нь бас нэгэн онцлог зүйл юм.
Бэлгээ бэлдэхдээ хэд хэдэн зүйлийг анхааран бодолцоно:   
- Ёс заншил, бэлэг дэмбэрэлээ   бодох
- Бэлэг авах хүн маань юуг сонирхдог
- Түүнд хэрэгтэй байгаа зүйл юу вэ зэргийг бодолцсоны үндсэн дээр бэлэгээ бэлтгэнэ.
Удаан хугацаагаар уулзаагүй хүмүүс золгохоор юмуу ямар нэгэн баяр ёслолын үеэр бие биедээ гарын бэлэгтэй ирдэг байжээ. Энэ бэлэг нь бэлэг өгөх хүн, тэмдэглэж буй ёслолын онцлогоос янз бүр байдаг байна.
 
Монголчуудын бэлэг өгөх ёсноос: 

- Хүнд доошоо харсан малгай зэрэг зүйлийг бэлгэлдэггүй. Харин дээшээ харсан аяга зэргийг ихэд бэлэгшээнэ.
- Зочдод бэлэг өгөхдөө ахмад хүнээс эхлэн өгнө
- Гэр бүлээрээ ирсэн зочдын эр хүнээс эхэлж бэлгээ өгдөг
- Хүүхдэд тоглоом, халуун хошуутай мал, аав нь хүүдээ, ах нь дүүдээ сайн хүлэг морь, багаж зэвсэг бэлгэлдэг.
- Анд нөхөд хоорондоо нум сум, агт морь, хэрэглэж байсан эд зүйлсээ бэлэглэх буюу солилцдог уламжлал байжээ.
- Өгөх бэлэгний өнгө, тоог маш их анхаардаг
- Аливаа юм жаргалаар эхэлж жаргалаар дуусдаг гэж үздэгтэй холбоотой сондгой тоог эрхэмлэдэг.
- Мөн нэг тоотой бэлэгийг өгдөггүй байна.
- Мал, эд юмс, хувцас зэргийг хүнд бэлэглэхдээ цагаан ба цайварт багтах өнгийг эрхэмлэнэ.
- Монголчууд дөнгөж амаржсан нялх биетэй эх дээр гар хоосон очдоггүй, ээж хүүхэд хоёрт тус тусын бэлэгтэй очдог.
- Охид бүсгүйчүүд хайртай хүндээ ур ухаанаа шингээн оёсон аяганы уут, хөөрөгний даалинг бэлгэлсээр иржээ. Энэ нь нэг ёсны хайр сэтгэлийн бэлгэдэл байжээ.
- Монголын баатар эрс илд бамбай, өмсгөл бүсээ дурсгалын журмаар солилцох, дархан хүн багажаа, бөх хүн зодог шуудагаа, эрдэмтэн бичгийн хүмүүс ном судараа өөрийн шавьдаа буюу өөрийгөө залгамжлах найдвартай гэж бодсон аль нэг залуу хүнд бэлэглэж өгнө. Энэ нь тэр хүнд их итгэл хүлээлгэж, урам зориг хайрлаж буй иргэний хүмүүжлийн нандин уламжлал байжээ.

Бэлгийг гарын салаагаар өгөх, мөн өгсөн бэлэгийг голох үг яриа гаргахыг  ихэд цээрлэдэг байжээ. Бэлэгний төрөл зүйл нийгмийн хөгжилөөр байнга өөрчлөгдөж  байдаг ч бэлэгний төрөл дотор гоёл чимэглэлийн зүйлс эртнээс одоог хүртэл хүндтэй байрыг эзэлсээр иржээ. Заавал баярт үйл явдалыг тохиолдуулж бэлэг өгөх биш хайрлаж   хүндэтгэдэг хүмүүстээ  өгөхийн жаргалыг хэзээ ч бэлэглэж  болдог уламжлалтай ард  түмэн  билээ бид.

Сэтгэгдэл үлдээх