Монгол эмэгтэйн толгойн гоёл
Монгол эмэгтэйн толгойн гоёл
Монгол эмэгтэйн толгойн гоёл нь XVI зуунаас эхтэй хэмээн үздэг байна. Монгол оронд хорь гаруй том овог, ястан байдагын ихэнх нь Халхууд эзлэх бөгөөд овог ястан бүр өөр өөрийн уламжлалаа хадгалсан өвөрмөц загвар хийц бүхий хувцас хэрэглэл, гоёл чимэглэлтэй байжээ.
XVI зууны үеэс Монгол эмэгтэй үсээ дэргэр хэлбэртэй болгон хээ угалз бүхий үлэмж их цэвэр цагаан мөнгөн эдлэлээр гоёх болжээ. Тухайн үед эхнэр хүний зүүсэн чимэг зүүлтээр гэрийн эзний зэрэг дэв, бэл бэнчин харагддаг байсан тул хэдий баян байх тусам төдий чинээ нүсэр гоёл хэрэглэдэг байжээ.
Монгол эмэгтэй нөхөрт гарахдаа үсээ хоёр салаа сүлжиж нутаг нутагын заншлаар эхнэр хүний гоёлоор гоёдог байжээ.Халх эмэгтэйн толгойн гоёл чимэглэл нь толгойн боолт, хавчаар, шанаавч, шилэвч, сүйх, туйв гэх мэтээс бүрдэнэ. Төв халхын эхнэрүүд үсээ дэрийлгэн дугуйлж үснийхээ дунд хэсэгт мөнгөн хавчаар, угт нь зууван хавчиг зүүдэг. Толгой дээрээ духруу орсон үнэт чулуу шигтгэсэн мөнгөн оройвч тавьж түүн дээр малгай өмсөнө.Оройвч хэмээх толгойн боолтны орой нь онгорхой байвал харц хүнийх, битүү чимэглэлтэй байвал хатан хүнийх ажээ. Хоёр талруугаа дэрийлгэсэн үсэндээ 6-8 мөнгөн хавчаарыг дунд нь хавчиж, туйв буюу мөнгөн гэррүү үсээ хийх уулзварт зууван хавчиг зүүнэ. Туйв гэдэг нь бас даавуугаар хийсэн үсний гэрийн дээд уганд байх хээ угалз, шигтгээ бүхий мөнгөн чимэгтэй гоёлыг хэлнэ. Толгойн боолтноос хоёр шанааруу унжуулсан унжуурга чимэгийг санчиг гэх бөгөөд 3,5,7,9-н салаа шүр сувдан зүүлтнээс бүрдэнэ.
Улсын их дагина Цэндийн Дондогдулам
Эндээс харахад эмэгтэйчүүдийг өмсөж хэрэглэж буй хувцас болон гоёл чимэглэлээр нь зэрэг зиндаа болон гэр бүлийн байдалыг нь тодорхойлж болдог байжээ.