Монгол эмэгтэйчүүд Азийн анхны эмэгтэйчүүдийн байгууллагыг байгуулсан байна.
Монгол улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж чин гүрний ноёрхлыг эцэс болгон, Монгол төрийг сэргээн байгуулж, Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсах түүхт үйл явдал болсон юм.
Энэхүү үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн хоёр зуун жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний их сэргэлтийн эхлэл 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс суурь нь болсон юм. Энэ үеэс Монголын тусгаар тогтнолыг бататгах, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, гадаад улсуудтай харилцаа тогтоох үндсэн зорилтыг хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй байна.
Монголын улс төр, нийгмийн өөрчлөлт нь Монгол эмэгтэйчүүдийн эрх хэмжээ, нийгмийн байр суурийг эрэгтэйчүүдийн нэгэн адил эрх тэгш байх боломжийг олгосон юм.
Оёдлын үйлдвэрийн тэргүүний ажилчин эмэгтэйчүүд. 1930-аад он.
Ардын хувьсгал ялснаар эмэгтэйчүүд намд олноороо элсэж эхэлжээ. 1922 онд Намын төв хорооны дэргэд Германд өндөр боловсрол эзэмшсэн, 5 хэлээр ярьдаг Пагмадулам гэх эмэгтэй анх Эмэгтэйчүүдийн бүлгэм байгуулж байжээ.
Дамдины Пагмадулам.
Түүнээс хойш эмэгтэйчүүдийн байгууллага нь албан ёсны эмэгтэйчүүдийн суртал, боловсролын тасаг хэлтэс болж өргөжсөн байна.Тэгээд яваандаа эмэгтэйчүүдийн бие даасан холбоо болон өргөжжээ. Энэ нь Азийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага болж байсан хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна.
Хотын эмэгтэй, 1930-аад он.
Манай улсад 1920 онд анх 20 хүнтэй эмэгтэйчүүдийн бичиг үсгийн дугуйлан байгуулж байсан бол 1931 онд 2000 эмэгтэй бичиг үсэг тайлагдсан байжээ. 1963 онд эмэгтэйчүүдийн 90% нь бичиг үсэгтэй болсон гэсэн тоо баримт байдаг байна. Мөн 1931 оны 7-р сард хуралдсан Монголын эмэгтэйчүүдийн 1-р их хуралд хөдөөнөөс ирсэн төлөөлөгч эмэгтэйчүүд хувцас хунар муутай, ядуу зүдүү байжээ, иймд тэднийг улсаас хувцаслаж, бүгдэд нь ижил ногоон дээл оёулж, савхин гутал олгож байжээ. Тус сургалтын дараа сайн суралцсан болон хүсэл сонирхолтой эмэгтэйчүүдийг сувилагч, багшийн сургалт дамжаанд шилжүүлэн сургаж эхэлсэн түүхтэй ажээ.
Эх сурвалж: wikipedia.org