Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

Буян төгс сайхан ижийд үнэсүүлэхэд тэр хүний халуун хайр буян нь ирдэг хэмээн бэлэгшээдэг дорнын соёлтой ард түмэн билээ бид. Ижийгээ сэтгэлдээ нар мэт тээж явахад хүний бүх үйл заяа бүтдэг ер бусын жамтай. Иймээс эхийн хайр гэдэг энэ орчлонд хэмжээлшгүй юм.

Ээжтэй орчлон гэдэг сэтгэл дүүрэн амьдрахын илэрхийлэл билээ. Хайрт ижийгээ баярлуулж халуун зүрхэндээ эрхэмлэн хадгалж явах нь үр хүүхэд бид бүхний дээдийн соёрхол юм.Ээж бүхний ариун нандин хайр, энхрий зөөлөн сэтгэл, уярам сайхан чанар дээр энэ дэлхий тогтож гэгээн сайхан амьдрал бүрэлддэг ээ.

Ертөнцөд бүх зүйл хувьсан өөрчлөгддөг, цаг цагаараа байдаггүй нь үнэн. Харин ганцхан хувирдаггүй зүйл нь эхийн хайр гэдэг юм. Тиймээс орчлонд нар мэт, далай мэт их хайраараа үр хүүхэд биднийгээ гэрэлтүүлдэг ээжүүддээ хамгийн сайн сайхныг хүсье.

Мөн хүмүүний орчлонд үр хүүхдийг тань төрүүлж өсгөн, гал голомтыг тань тэгш дүүрэн авч яваа халамжит ханиа баярлуулж, хайрлан энхрийлж дээдлэн хүндэтгэх нь эр хүн болж төрсөн таны бахархал юм. Тиймээ, бүсгүй хүн гэдэг энэхүү амьдралыг хайраараа гэрэлтүүлж ариун гэгээн бүхнийг төрүүлдэг бурхны бүтээл билээ. 

Орчлонгийн бүх сайхан ээжүүддээ, хүмүүний амьдралыг гэгээ гэрлээрээ сүлж, аз жаргал, хайр энэрлийг бэлгэлдэг ертөнцийн гоо охид бүсгүйчүүддээ Мартын 8-ны халуун мэндийг дэвшүүлье!

 

Сэтгэгдэл үлдээх